"Ногоон бонд"-ыг зохицуулсан журмыг баталлаа

Монгол Улсад тулгарч буй байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэх, ногоон санхүүжилтийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх шинэ журмыг Санхүүгийн зохицуулах хорооноос баталжээ.

Олон улсын санхүүгийн корпорац, Санхүүгийн зохицуулах хороо 2020 оны тавдугаар сард Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Санамж  бичгийн хүрээнд Олон улсын санхүүгийн корпорацын зүгээс олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Ногоон бондын зарчимд нийцүүлэн ногоон бонд гаргах, түүний бүртгэлтэй холбоотой харилцааг зохицуулсан журам боловсруулахад дэмжлэг үзүүлж ажилласан байна. 

Уг харилцаатай холбоотой зохицуулалтыг шинээр баталсан “Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-д тусгах асуудлыг Санхүүгийн зохицуулах хороо дэмжиж, хамтран ажилласан байна. Энэхүү зохицуулалт бий болсноор Монголд байгаль орчинд ээлтэй, ногоон төслүүдийг санхүүжүүлэх дотоодын ногоон бондын зах зээлийг хөгжүүлэхэд томоохон дэмжлэг үзүүлэх юм. 

Олон улсад ногоон бонд нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг нөлөөг бууруулах, эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх, хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх зэрэгт шаардагдах хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэхэд өргөн ашигладаг. Харин Монголд одоогоор ногоон бонд гаргасан тохиолдол байхгүй. Хэдий тийм боловч ногоон бонд гаргах сонирхол, эрэлт хэрэгцээ маш их байна. Ойролцоогоор нэг тэрбум ам.долларын ногоон санхүүжилтийн хэрэгцээ бий гэсэн судалгаа гарчээ.

Засгийн газраас ногоон эдийн засгийг дэмжихэд чиглэсэн хэд хэдэн бодлого, хөтөлбөрүүд гаргасан байдаг. Энэхүү журмыг баталснаар ногоон санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэхэд чухал алхам болно” гэж Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хэлсэн байна. “Хөрөнгийн зах зээлд илүү олон оролцогч оролцуулах, ялангуяа гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд бид ногоон бонд гаргахад тавих шаардлагыг тодорхой болгон Олон улсын санхүүгийн корпорацтай хамтран ажиллаж байна” гэжээ.

Өнгөрсөн арван хоёрдугаар сард зохион байгуулагдсан Уур амьсгалтай холбоотой зорилтуудыг хэлэлцэх олон улсын чуулган дээр Монгол Улс Парисын хэлэлцээрийн хүрээнд тодорхойлсон Хүлэмжийн хийг бууруулах үүрэг амлалтаа 2030 он гэхэд 27.2 хувьд хүргэхээр нэмэгдүүлсэн. Энэ амлалтыг биелүүлэхэд 11.5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардагдах тухай холбогдох судалгаанд дурдсан байна.

“Монгол Улсын газар зүй, цаг уурын онцлог нь сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлттэй төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд таатай боломж бий болгож байдаг” хэмээн Олон улсын санхүүгийн корпорацын Санхүүгийн байгууллагуудад зөвлөгөө өгөх газрын Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан дарга Камар Салем хэлжээ. Мөн тэрээр “Энэ боломжийг ашиглаж, ногоон бонд гаргах эсвэл ногоон бондод хөрөнгө оруулах сонирхолтой санхүүгийн болон хувийн хэвшлийн бусад байгууллагууд олон байгаа бөгөөд энэ нь Монгол Улсад байгаль орчинд илүү ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, хог хаягдал багатай хүрээлэн буй орчныг бүрдүүлэхэд туслах болно” гэсэн байна.

Монгол орны эрс тэс уур амьсгал, нүүрснээс хамаарах хамаарал, эрчим хүчний хэмнэлт бага зэргээс шалтгаалан нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгаруулалт нь ижил төстэй эдийн засагтай бусад орнуудтай харьцуулахад ихээхэн өндөр. Ногоон бонд гарган хөрөнгө оруулалт татсанаар сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг дэмжих, эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах боломжтой.

Олон улсын санхүүгийн корпорац нь дэлхийн хөгжиж буй орнууд дахь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг дэмжигч хамгийн том санхүүжүүлэгч байгууллагуудын нэг. Сэргээгдэх эрчим хүч болон эрчим хүчний хэмнэлтийг дэмжих чиглэлээр хувийн хэвшлийн төслүүдэд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Олон улсын санхүүгийн корпорац Олон улсын ногоон бондын хөтөлбөрийг 2010 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. 2020 оны 6 дугаар сарын байдлаар Олон улсын санхүүгийн корпорац 20 төрлийн гадаад валютаар нийтдээ 10 гаруй тэрбум ам.долларын 157 удаагийн ногоон бондыг зах зээл дээр амжилттай гаргажээ.

Төстэй мэдээ