Үндэсний спортын холбоод наадмыг хойшлуулах хүсэлт гаргажээ

Монголын үндэсний спортын холбоод болох Монголын Үндэсний бөхийн холбоо (МҮБХ), Монголын морин спорт, уяачдын холбоо (ММСУХ), Монголын Үндэсний харваачдын холбоо (МҮХХ) өнөөдөр (2021.06.18) хэвлэлийн бага хурал хийн, Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисст үндэсний их баяр наадмыг улс, аймаг, сум бүрт нэгэн зэрэг хийх хүсэлт хүргүүллээ.

Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгч Ц.Батсайхан: -Энэ жилийн наадмыг цахимаар тэмдэглэж, аймаг сумдын наадмыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасанд манай уяачид ихээхэн бухимдалтай байна. Хөдөө орон нутагтаа халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад, наадмаа тэмдэглэх саналтай байна. Одоогоор 17 аймаг, 167 сумын уяачдын холбоо Засгийн газарт уг шийдвэрээ эргэн харж, "Аймаг, сумын баяр наадмыг нэгэн зэрэг зохион байгуулахыг зөвшөөрнө үү" гэсэн хүсэлттэй албан бичгээ ирүүлсэн. Манай холбоо 120 мянга гаруй уяачдыг нэгтгэсэн, 21 аймаг, 330 сум, нийслэлийн зургаан дүүрэгт салбар холбоотой байгууллага. 

Дэлхий дахиныг хамраад буй цар тахлын хүндрэлийг хүн бүхэн ойлгож байгаа. Засгийн газраас гаргасан чиглэлтэй холбоотойгоор орон нутгийн уяачид холбоондоо хандаж, наадмын зохион байгуулалтын талаар санал бодлоо хэлж байна. Уяачдын зүгээс халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад заавал долдугаар сарын 11, 12 гэхгүй наймдугаар сараас өмнө наадмаа хийх талаар санал гаргаж байгаа. Бид шаардаж, тулгаж байгаа юм биш. Наадам болтол ахиад 20 хоногийн хугацаа байна. Тэр болтол халдвар буурах хүлээлт байгаа. Тухайн цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан шийдвэрээ эргэн хараач ээ гэж байгаа юм. Өчигдрөөс хойш 17 аймгийн 167 сумаас наадам зохион байгуулахтай холбоотой хүсэлт ирсэн. Үүнийг Засгийн газар, УОК-т өгөх хүсэлтдээ хавсарган хүргүүлнэ.

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав: -КОВИД-19 халдварын нөхцөл байдал хүнд байгааг бид бүгд мэдэж байгаа. Гэхдээ энэ түр зуурын бэрхшээл байх аа. Засаг төр маань үндэсний спортын холбооны хүсэлтүүдийг хэлэлцээд зөв шийдвэр гаргах байх хэмээн хандаж байна. 21 аймаг, 330 суманд давхардсан тоогоор 23,000 орчим бөх барилддаг. Ардын хувьсгалын 100 жилийнхээ ойд барилдана гээд олон залуучууд бэлтгэл сургуулилалтаа хийж байна. Том өв соёл гэдэг талаас нь асуудлаа хараад халдварын дэгдэлт буурахаар төвлөрөл гарахгүйгээр наадмаа хийх саналыг хүргүүлж байгаа юм. 330 сумын 200 орчим нь ногоон бүс байгаа гэх мэтийг бодолцоод огт зохион байгуулахгүй байх шийдвэрээ эргэн хараач ээ хэмээн хүсэж байна. 

Монголын үндэсний харваачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Нямбаяр: -Гурван холбоо хамтарсан уулзалт хийгээд наадмыг улсын хэмжээнд нэг өдөр хийх эсвэл хойшлуулах арга хэмжээг авч өгөөч ээ хэмээн хандаж байна. Өнгөрсөн жил хөл хориотой байхад 5,176 харваач харвасан. Энэ жилийн баяр наадмаар Хүй долоон худагт сурын харваагаа явуулъя гэсэн чиглэлтэй байсан. Үндэсний сурын харваачид угаасаа хоорондоо 1.5 метрийн зайтай зогсож харвадаг. Тийм болохоор халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад сурын харваагаа зохион байгуулах боломжтой. 

Засгийн газрын чиглэлтэй холбоотойгоор бүх ачаалал Улаанбаатар хот руу төвлөрөх болоод байгаа. Өнөөдрийн байдлаар 120 гаруй салбар хорооноос ирж байгаа саналыг харвал 4,000 гаруй харваач Үндэсний их баяр наадамд ирж харвахаар байна.

Тэд дараах хүсэлтийг УОК, Засгийн газарт хүргүүлжээ. 

Төстэй мэдээ