Чөлөөтийн О.Мөнхбат  гавьяат дасгалжуулагч болов

Ард түмнээс аль хэдийн “гавьяат” хэмээх эрхэм алдар цолыг нь хүртсэн ч төрдөө үнэлэгдээгүй уран бүтээлчид цөөхөн бий. Тухайлбал, УДЭТ-ын жүжигчин Ж.Пүрэвдорж, Хүүхэлдэйн театрын жүжигчин “Буратино эмээ” буюу О.Норолхоо гэх зэргээр цааш хөврүүлж болно.

Спортынхонд ч  аль хэдийн “ГАВЬЯАТ”-аа зүүсэн байх ёстой хэдэн дасгалжуулагч байдгийн нэг нь О.Мөнхбат дасгалжуулагч. Гэхдээ тэрбээр өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Гавьяат дасгалжуулагч” боллоо.

Манай улсын 1990-2000-аад оны үеийн чөлөөт бөхийн хөгжил дэвшил түүнтэй салшгүй холбоотой гэдэгтэй маргах хүн үгүй биз. Өөрийн улс хийгээд  гадаадын хэд хэдэн улсад дасгалжуулагчаар ажиллаж байсан түүнд “Гавьяат” гэх эрхэм алдрыг аль эрт хайрлах ёстой байв.

Тэрбээр Болгарын Софи хотын Биеийн тамирын дээд сургуулийг багш, дасгалжуулагч” мэргэжлээр төгссөн цөөхөн, жинхэнэ мэргэжлийн хүмүүсийн нэг нь.

Юутай ч тэрбээр өнөөдөр “Гавьяат” боллоо.  О.Мөнхбат дасгалжуулагчийг гавьяатай хүн мөн үү гэдгийг төрүүлсэн хэдэн шавь нь л хэлээд өгнө. Тэрбээр өнөөгийн алдартнууд болох О.Пүрэвбаатар, Б.Гантогтох, А.Сүхбат, Д.Бумбаяр, Ж.Намжилдорж, М.Баярсайхан, Ц.Цэрэнхүү, Д.Эрдэнэбилэг зэрэг олимп, тив дэлхийн дэвжээнд Монголынхоо нэрийг цууриатуулж байсан олон шилдэг тамирчдыг дасгалжуулсан байдаг юм. 

Мөөеө гавьяатдаа спортод хайртай, элэгтэй  уншигчдынхаа өмнөөс  баяр хүргэж амжилт хүсье.

Төстэй мэдээ