Үйлчилгээний 31 цогцолборыг жуулчлалын гол зам дагуу байгуулахаар болжээ

Аялал жуулчлалын гол чиглэлийн зам дагуу улсын хэмжээнд 31 байршилд олон улсын жишигт нийцсэн  үйлчилгээний цогцолбор байгуулахаар зураг, төсвийг боловсруулж, батлуулаад байгаа ажээ.

БОАЖЯ-наас санал болгосноор Японы ЖАЙКА байгууллагын дэмжлэгээр хоёр яам, аймгуудын ЗДТГ-ууд хамтаран ажлын хэсэг байгуулж, 30 цэгийг нь эцэслэж тогтоожээ.

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд жуулчдын  зорчих чиглэлийн зам дагуу түр буудаллах цэг, боловсон ариун цэврийн газар, хүнсний дэлгүүр, шатахуун түгээх станц, хоолны газар бүхий үйлчилгээний цогцолбор зэргийг  төр хувийн хэвшлийн түншлэлээр байгуулах талаар БОАЖ-ын сайд Н.Уртнасан, ЗТХ-ийн сайд Л.Халтар, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн болон холбогдох албаныхан цахимаар хуралдаж, хэлэлцжээ.

Түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор нь A, B, C гэсэн гурван ангилалтай байх ба Түр буудаллах цэгт авто зогсоол, шатахуун түгээх станц, авто үйлчилгээний газар, машин угаалга, түргэн үйлчилгээний ресторан, зочид буудал, ариун цэврийн байгууламж, худалдаа, эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй зэрэг байх юм байна. Мөн

  • А ангиллын хувьд хоногт 10 мянгаас дээш тээврийн хэрэгсэл зорчих улсын чанартай авто зам дагуу,
  • Б ангилал нь 5-10 мянга хүртэлх тээврийн хэрэгсэл зорчих,  
  • С ангиллын хувьд 5000 хүртэлх тээврийн хэрэгсэл зорчих улсын чанартай авто зам дагуу байрлах юм.

Үйлчилгээний цогцолборыг  200 км тутамд, түр зогсоолыг 100 км тутамд  байгуулах юм байна.

Төстэй мэдээ