Нарны тосны талаар та заавал мэдэх ёстой зөвлөмжүүд

БИД ЯАГААД НАРНААС ӨӨРСДИЙГӨӨ ХАМГААЛАХ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ? 

Бидний арьсыг хуурайшуулж, нөсөө толбо үүсгэж, цагаас нь эрт хөгшрүүлдэг хамгийн том хэрэгтэн бол нарны хэт ягаан туяа.Харин нарны хорт цацрагаас арьсаа хамгаалах хамгийн зөв арга нь зориулалтын нарны тос түрхэх явдал. Хүйтэн сэрүүний улирал, бүрхэг бороотой өдөр ч байсан хамаагүй нар тэнгэрт мандсан л бол нарны тос хэрэглэх нь зайлшгүй. Ялангуяа Монгол улс шиг жилийн 230-260 өдөр нь цэлмэг нартай, эрс тэс уур амьсгал давамгайлсан цаг уурын нөхцөлд арьсаа бүр ч илүү хайрлан хамгаалах хэрэгтэй. Нарны тос бидний арьсыг зөвхөн нарны хэт ягаан туяанаас гадна орчны бохирдол, ширүүн салхи, тоос тоосонцроос хүртэл хамгаалдгийг гэдгийг ч мартаж болохгүй.

Нарны хэт ягаан туяаг долгионых нь уртаар UVA, UVB гэж ангилна. Хэт ягаан туяа нь бүхэлдээ тийм ч муу зүйл биш. D аминдэмийг үүсгэж, сэтгэл санааг өөдрөг болгогч серотонин болон бие махбодийн өдрийн дэглэмийг зохицуулагч народреналиныг үүсгэдэг сайн тал түүнд бий. Гэвч нөгөө талаар хүн, амьтны арьс, нүдэнд нэвчин эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. UVB буюу бета спектрийн туяа арьсны өнгөн давхаргад нөлөө үзүүлж арьсыг борлуулахаас гадна түлж ч болно. Харин UVA буюу альфа спектрийн туяа арьсны илүү гүнд нэвтэрч эдийн түвшинд гэмтээснээр уян хатан чанарыг нь бууруулдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаагаар, арьс наранд хэт түлэгдсэнээс арьсны генид өөрчлөлт орон улмаар арьсны өмөн үү, нүдний болор цайх өвчний үүсэх нөхцөл болж байгаа аж. Хэрвээ та одоог болтол нарны тос түрхэх нь тийм ч чухал зүйл биш гэх итгэл үнэмшилтэй бол sunface-uv-selfie хэмээх аппыг туршаад үзэхэд илүүдэхгүй. Энэхүү апп нь нарны тос түрхэхгүй бол 10,15,20 жилийн дараа таны арьс хэрхэн хөгширсөн байхыг харуулдаг..

ТЭГВЭЛ ЯМАР НАРНЫ ТОС ХЭРЭГЛЭХ ВЭ? 

Зах зээл дээр худалдаалагдаж буй бүхий л нарны тоснууд “chemical” буюу химийн найрлага давамгайлсан, “physical” буюу органик эрдсийн найрлага давамгайлсан гэх хоёр төрөлд хуваагддаг. “Physical” нарны тосыг ялгаж авах хамгийн гол найрлага бол “zinc oxyde” буюу цайрын исэл. Цайрын исэл нь бидний арьсыг UVA, UVB туяануудаас зэрэг хамгаалагч цорын ганц найрлага бөгөөд цайрын ислийн хувь хэмжээ болоод бусад бүтээгдэхүүнтэй зохицох, арьсанд шингэх шингэц зэргээсээ хамаарч нарны тосны үнэ өөр байдаг.

 

SPF БОЛОН PA ГЭЖ ЮУ ВЭ?

Бүх л нарны тосон дээр байдаг SPF гэх бичиг нь “Sun Protection Factor” буюу нарнаас хамгаалах хүчин зүйлийн тэмдэглэгээ юм. SPF нь тухайн бүтээгдэхүүн арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаалж буйг шууд илэрхийлэх хэмжигдэхүүн биш бөгөөд харин нарны хэт ягаан туяанаас хамгаалах хувийг хэмжих үзүүлэлт билээ. SPF-ээс гадна зарим тосон дээр PA гэсэн тэмдэглэгээ байдаг бөгөөд энэ нь UVA туяанаас арьсыг хамгаалах зэргийг илтгэдэг. (PA+, PA++, PA+++, and PA++++) гэсэн тэмдгүүд нь таны арьсыг UVA туяанаас хэр зэрэг хамгаалж чадахыг харуулж буй хэрэг. Хэрвээ таны тосон дээр энэ хоёр тэмдэг хоёулаа байвал нарны тос тань UVA, UVB туяанаас зэрэг хамгаалах чадалтай гэсэн үг. Сонирхолтой нь, нарны тос тогтмол түрхдэг хүмүүсийн дийлэнх нь хангалттай хэмжээний тосыг нүүрэндээ түрхдэггүй гэнэ. Нүүрний арьсыг бүхэлд нь хамгаалахад ойролцоогоор 1 цайны халбага буюу 5мл тос түрхэх нь зохимжтой. Энгийнээр тайлбарлавал, долоовор болон дунд хурууны эхлэлээс төгсгөл хүртэлх хэмжээтэй тос нүүрэнд хангалттай.

НАРНЫ ТОСНЫ ТАЛААРХ БИДНИЙ ТҮГЭЭМЭЛ БУРУУ ОЙЛГОЛТУУД

 

SPF30, SPF50-ын хоорондох хамгаалах чадвар хол зөрүүтэй мэт танд санагдаж болох ч бодит байдал дээр эдгээр тосны хамгаалах чадвар ердөө 1.3%-ийн зөрүүтэй. Мөн хамгийн өндөр SPF хувьтай тос ч таныг нарнаас 100% хамгаалж чадахгүй гэдгийг анхаараарай.

 

Төстэй мэдээ