Англи хэлний ДУНД шатны мэдлэгтэй хүмүүст тохиромжтой 5 YouTube суваг

 

Цахим орчноос хүссэн мэдээллээ авдаг болсон өнөө цагт англи хэлийг бие даан сурах боломж хэн бүхэнд нээлттэй болжээ. Бид энэхүү нийтлэлээрээ англи хэлний дунд шатны мэдлэгтэй хүмүүст тохиромжтой таван YouTube сувгийг танилцуулж байна. 

  1. ENGLISH CLASS 101

Англи хэл суралцагчдын дунд ихээхэн алдартай энэ сувагт ярих, унших, сонсох чадваруудаа нэгэн зэрэг, системтэйгээр хөгжүүлэх боломжийг олгох видео хичээлүүд цувралаар байршдаг. Гурван минутын түргэвчилсэн хичээлээс эхлээд 1-2 цагийн урттай гүнзгийрүүлсэн хичээлүүд ч байх бөгөөд өөрийгөө сорих тест байдаг нь авууштай.

 

  1. SOZO-X

Өмнөх сувгаас ялгаатай нь “Sozo-X” зөвхөн ярианы англи хэлд зориулсан богино хичээлүүдийг бэлтгэн хүргэдэг билээ. Хоорондоо ижил дуудлагатай үгсийн утгын ялгааг тайлбарласан бичлэгүүд, уншихад хэцүү үгсийн дуудлагыг олон давтамжтай удаашруулан хэлсэн хичээлүүд энд байршдаг. Хичээлүүд нь ердөө 1-2 минут үргэлжлэх тул өдөрт өөртөө хэдхэн минут зарцуулан богино хугацаанд олон үгсийг цээжлээрэй.

 

  1. LEARN ENGLISH WITH TV SERIES

Олон хүмүүс киногоор дамжуулан англи хэлээ сайжруулах нь үр дүнтэй гэж ярьдаг. Гэвч киноныхоо үйл явдалд анхаараад зорилгоо мартах тохиолдол цөөнгүй байдаг шүү дээ. Тэгвэл энэ суваг нь киноны хэсгээс түүвэрлэн, тухайн хэсэгт ашиглагдаж буй хэлц үгсийн хэрэглээ, дуудлага, үгсийн утга дээр гээд бүхий л төрлийн задланг хийдэг. Ийнхүү киноны хэсэгт задлан хийснээр англи хэл сурах нь сонирхолтой болохоос гадна дараа нь санахад амар байдгаараа давуу талтай.

  1. ON THE GO WITH EF

EF International Language Campuses-YouTube сувгаас эрхлэн гаргадаг уг хөтөлбөрийн хичээлүүд нь англи хэлийг аяллаар дамжуулан заадгаараа онцлогтой. Өөр өөр газрын соёлтой танилцах сонирхолтой аяллын влогийг үзэнгээ сэтгэл хөдлөлөө хэрхэн, ямар үг хэллэгээр илэрхийлж буйг ажиглан англи хэлээр илүү чөлөөтэй ярьж сураарай.

  1. VOA LEARNING ENGLISH

Voice Of America олон улсын сувгаас эрхлэн гаргадаг тус сувагт дүрмийн, сонсголын, харилцан ярианы гээд бүхий л төрлийн хичээлүүд байршдаг. Тэгвэл тус сувгийн онцлох цуврал хичээл нь “мэдээний тойм ” билээ. Эрүүл мэнд, эдийн засаг, хөдөө аж ахуй гэсэн гурван ерөнхий сэдвийн хүрээнд бэлтгэсэн мэдээнүүдийн тусламжтайгаар англи хэлний “мэргэжлийн” үгсийн баялгаа нэмэгдүүлэх боломжтой.

 

Төстэй мэдээ