Сайд аа, самарчдыг “самарч”, экспортлогчдыг ил болго

БОАЖ-ын сайд Н.Уртнасангийн дараагийн “дайснууд”-ын ажил эхэллээ. Тодруулбал, маргааш буюу есдүгээр сарын 15-наас хуш модны самар түүж бэлтгэх, худалдан борлуулах, экспортлохыг зөвшөөрсөн хугацаа эхэлнэ.

Түүх болон худалдан борлуулахад асуудал багатай. Харин экспортын сургаар их ашиг харагсад хушин ойг сүйтгэх нь энүүхэнд.

Хуульд зааснаар хуш модны самрыг их ургацын жилд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар, дунд ургацтай жилд зөвхөн ахуйн зориулалтаар зөвшөөрлийн дагуу түүж бэлтгэх ёстой. Энэ жилийн тухайд их ургалтын жил биш. Тэгэхлээр ердөө ахуйн зориулалтаар түүх боломжтой гэсэн үг. Хэдийгээр есдүгээр сарын 15-ныг хүртэл хуш модны самар түүхийг хориглосон байдаг ч орон нутагт иргэд аль хэдийн самранд яваад эхэлсэн.

Байгаль орчин талаасаа тухайн жилд ургасан самрын 70 хувийг үлдээж, 30 хувийг түүх нь зохистой хэмжээ. Тэгж байж самраар хооллодог ан амьтад болон ой сэргэн ургах боломжтой үлдэнэ.

Самрыг шинжилгээ, судалгааны зориулалтаар 10 кг хүртэл, ахуйн зориулалтаар 25 кг хүртэл  хэмжээгээр түүхийг зөвшөөрдөг. Төлбөр, хураамжийн хувьд ч тун боломжийн. Иргэн 1 кг цайруулсан самар тутамд 500 төгрөг, ААН 800 төгрөгийн хураамж төлнө.

Тэгээд ч иргэд орон нутаг, байгаль, дэлхийгээ бодоод, ирэх жилүүдэд хангайн хишгээс хүртэхийн тулд түншүүр хэрэглэн бүх модоо хиар цохьчихгүй, авирч, дүүлж түүдэг. Товчхондоо “араа бодно”.

Гэхдээ тэдний цаана байдаг экспортлогчид гэж сүрхий хүмүүсийг яах вэ.  Тэд иргэдийн түүсэн самрыг өндөр үнээр худалдан авна гэх сургаар самарчид, орон нутгийнхан мөнгөнд дөрлүүлж, ойг хядах шуналдаа хөтлөгддөг нь сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн.

Одоогоор хуш модны самар экспортлох зөвшөөрлийг салбарын яамнаас авсан 90 гаруй компани бий. Эдгээр компани салбартаа монополь болчихсон. Өөр хэн нэгний ААН тухайн бизнесийг эрхлэх зэрэгт тун дургүй. Ердөө өөрсдөө л эзэн суусан. Тэд чухам ямар шалгуураар хангайн хишгийг хэдэн жилийн хугацаанд цөөхүүлээ эзэмшээд байна вэ. Ямар аж ахуйн нэгжүүд экспортын самраа хаанаас хэрхэн түүж, худалдан авч байгаа зэрэг мэдээллийг ил болгох ёстой.

Тэгж гэмээнэ самарчид ч, экспортлогчид ч үйл ажиллагаагаа хянаж, ирэх жилүүдийн үр өгөөжөө тооцож, байгаль, дэлхий ч нөхөн сэргэх боломжоор хангагдана. Аливаа асуудлыг нээлттэй шийдвэрлэ. Тэгж байж л асуудал хуулийн дагуу зохион байгуулалттайгаар үргэлжилнэ.

Төстэй мэдээ