Урагшгүй ноёны унхиагүй албат

Уул уурхайн сайд Г.Ёндон гэж ёстой л урагшгүй ноёны унхиагүй албат гэгч бололтой. Эдийн засгийн томоохон салбарын бодлогыг зангидаж, гартаа атгаж, гаргалгүй сайн барьж байх ёстой. Гэтэл эсрэгээрээ харьяа газруудынхаа хэдэн даргыг урдаа барьчхаад өөрөө чимээгүйхэн суудаг нэгэн боллоо.

Тодруулбал, 10-аад хоногийн өмнөөс шатахууны нөөц дууссан, үнэ нь дахин нэмэгдэнэ зэрэг мэдээлэл гарч, ШТС-ууд ч өргөн хэрэглээний АИ-92 дууссан гээд  борлуулахгүй байсан.

Холбогдох, хариуцдаг төрийн байгууллагуудын зүгээс “НӨӨЦ ХЭВИЙН” гэхээс өөр тайлбаргүй байсаар өнөөг хүрлээ.

Уг нь аль7 дугаар сард л гэхэд АИ-92 төрлийн авто бензиний үнэ литр тутамдаа 300 төгрөг нэмэсэн. Хэдхэн хоногийн дараа шатахуун  дахиад литр тутамд 300 төгрөгөөр нэмж, АИ-92 авто бензин 2050-2100 төгрөгийн үнэтэй болгосон. Товчхондоо 10 хүрэхгүй хоногийн хугацаанд 600 төгрөгөөр өссөн. Гэтэл АМГТГ-аас шатахууны үнийг литр тутамд 100 төгрөгөөр бууруулах боломжтой гэсэн ч 50 төгрөгөөс хэтрээгүй.

Энэ бол эрхэм сайдын хэр зохион байгуулалттай ажиллаж байгаагийн илрэл. Шатахууны ханш литр тутамдаа 100 нэмэгдэхэд нэмэгдэхэд таксины үнэ км тутамдаа 100, мах, гурил 100-300 төгрөгөөр тус тус нэмэгддэг бичигдээгүй хууль монголд үйлчилдэг. Гэтэл салбарын сайд нь шатахуун импортлогчид үнээ нэмэхээс аргагүй гээд хээв нэг хэлээд, хаацайлаад суучихдаг. Эсвэл хариуцсан байгууллагынх нь хурган даргыг урдаа барьчхаад өөрөө нуугдаад үлдчихдэг зангаа хэзээ болих вэ.

Уул уурхай гэх том салбарыг орхиод ядаж, монголчуудын бүх хэрэглээний эх үүсвэр болчхоод байгаа шатахууны ханшийг л тогтвортой барьчхаж чадахгүй суугаа Г.Ёндон сайдыг ингэхэд хэн хамгаалаад, толгойг илээд байдаг юм бэ. Ил гарч чадахгүй, суудалдаа шигдчихээд байгаа урагшгүй ноён нь энэ унхиагүй албатаа хэзээ огцруулж, эгэл олны нурууг амраах вэ.

Төстэй мэдээ