Ардчиллын өдөр ба АН “оршуулга”-ын хугацаа

Өнөөдөр олон улсын ардчиллын өдөр. Гэхдээ манай улс энэ өдрийг 2019 онд анхлан тэмдэглэж байв. Тодруулбал, 2019 онд анх “Ардчилсан хувьсгалын 30 жил”-ийн ойг тохиолдуулан АН-аас “Ардчиллаа хамгаалъя” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлсэн.

Харамсалтай нь түүнээс хойш ардчиллаа хамгаалах байтугай АН-аа ч хамгаалж, үйл ажиллагааг нь цэгцэлж чадалгүй өдийг хүрлээ. Худалч хүнд тухайн өдрийг ардчиллыг “авслах” гэж тэмдэглээ юу гэлтэй. Товчхондоо бол АН-ын “оршуулга”-ын өдөр дөхөөд ч байх шиг.

Уг нь НҮБ-ын Ерөнхий ассамблейгээс 2007 оноос хойш жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдрийг олон улсын ардчиллын өдөр болгон тэмдэглэхээр тогтсон байдаг. Манай улс 1990 онд ардчилалд шилжсэнээс хойш дэлхий нийтээр Монгол Улсыг ардчилсан орон гэдгийг хүлээн зөвшөөрч, бүс нутагтаа ардчиллыг амжилттай бойжуулан хөгжүүлж буй загвар орон хэмээн үнэлсээр ирсэн. Түүгээр ч зогсохгүй ардчилсан үзэл, эрх чөлөөг иргэн бүр эдэлж, ази дахь үлгэр жишээ ардчилсан улс гэдгээрээ дэлхий нийтийн анхаарлыг татдаг.

Гэтэл 30 гаруй жилийн тэртээ Азийн цээжинд ардчиллын салхи сэвэлзүүлсэн ардчилагч ах нарын зан хувирч “аятайхан амьдралын төлөө” хэмээн чанга дуугарсан ч алим модноосоо хол унадаггүйн үлгэрээр эрх мэдлийн шуналдаа баригдсан. Тиймдээ АН өдгөө хуулийн дагуу бол С.Эрдэнэ гэх даргатай. Гишүүдийнхээ хувьд М.Тулгат, О.Цогтгэрэл гэх даргатай болчхоод хавь, ойрынхоо улстөрийн намуудын хоол болон дуусч байна.

АН-ынхан сэхэх ганц боломж байгаа нь ирэх 10 дугаар сард болох УИХ-ын нөхөн сонгууль. Гэвч тэдний нэр дэвшигчдийг харвал сэхэл авахаас өнгөрсөн мэт.

Улстөрд эрх баригч биш байлаа ч хүчтэй сөрөг хүчний дуу хоолой ч болж чадахгүй болсон энэ цаг үед парламентад ганц ч болов суудал авахын төлөө өрсөлдөх байтал “ам авахаасаа өмнө хэвтээд” өгчихсөн.

Үнэндээ ардчиллыг, АН-ыг дан ганц Э.Бат-Үүл, С.Эрдэнэ нараар төлөөлдөг үе өнгөрсөн. Тийм байхад Э.Бат-Үүл, Б.Гарамгайбаатар нарыг нэр дэвшүүлж буй нь дээрхийг улам бүр илтгэх биз.

АН-ынхан “МАН соц үеэ санагалзаж, нийгмийг тийш нь зүтгүүлж байна” гэж гэнэ, гэнэ орилж, жагсдаг. Гэхдээ тийн олны анхаарлыг татахаас илүү ардчиллыг жинхэнэ утгаар нь хөгжүүлж чадаагүйгээ хүлээн зөвшөөрч, эхлээд өөрсдийн дотоод асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй байна. Тэгж байж, Монголын ардчилал ч урагшилна.

 

 

Төстэй мэдээ