“Мартагдашгүй намар”-ыг  үргэлжлүүлье

Ургац  хураалтад оролцох хүмүүсийг өдрийн 40 мянган төгрөгөөр  цалинжуулахаар  болсон.

Хэдийгээр өдрийн хөлс нь бага энэ тэр гэж голж гоочилсон ч эхнээсээ зарим сургуулиуд оюутнуудаа илгээгээд эхэлсэн байгаа.

Оюутнууд ургац хураалтад хүч хөдөлмөр нэмж байгаа нь нэг их шинэлэг асуудал биш. Гэхдээ л сэтгэл зүрхээрээ ургацын талбайг зорьж байгааг нь сайшаах учиртай. Бидний сайн мэдэх “Мартагдашгүй намар” гэж уран сайхны кинонд  ургац хураалтын үеийн амьдралыг тэр чигээр нь харуулсан  байдаг.  

Хайр дурлал, дэврүүн сэтгэл, хөдөлмөрлөх чин хүсэл, тариа будаагаа хэрхэн хамгаалж сэтгэл гарган ажиллаж байгаа гээд бүгд л УРГАЦЫН ТАЛБАЙД болдог амьдрал. Ургацын талбайгаас эхэлсэн хосуудын амьдрал ч цаанаа л нэг  сайхан байдаг гээд “МАРТАГДАШГҮЙ НАМАР”-ын дурсамжууд  будаа тариа шигээ л ундарч байдаг  шүү дээ.

Энэ киноны II ангийг UBS телевизээс зохион байгуулдаг Universe  best song”-ийнхон залуу жүжигчдийн хамтаар бүтээсэн  байдаг. Тэгвэл  түүхэндээ анх удаа  олон зуун мянган тонн будаа тариалсан энэ намрын амьдралаар  тус киноны III ангийг бүтээж  яагаад болохгүй гэж.

Уг нь ургац хураалтад 7.3 мянган хүний хүч хэрэгтэй гэж байгаа энэ үед “АМЬДРАЛ БУЦАЛСАН АЛТАН НАМАР”-аар бас нэгэн кино хийх санаа уран бүтээлчдэд алга гэж үү.

Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилсан энэ мөчид  ямар л боломж бололцоо байна тэр бүгдийг эрэлхийлэх хэрэгтэй.

Нэг л өглөө тариалсан буудайг маань цас дарчихвал ирэх жилд буюу цар энэ тахлын хүнд үед эдийн засаг маань элгээрээ хэвтэх нь тодорхой. Тиймээс  “УРГАЦ ХУРААЛТАД ОРОЛЦОХ  УРИАЛГА”-ыг маш сайн сурталчлах хэрэгтэй.

Залуучуудын байгууллага, Спорт хороод, цэргийн анги нэгтгэлүүд ахмадын хороод, энд тэндэхийн бүжгийн клуб гэх зэргээр дайчилж болох  ямар л байгууллага байна  тэр бүгдийг идэвхжүүлж улс орноороо хөдөлбөл хэдхэн хоногт л хураачихна даа, уг нь.

Төстэй мэдээ