Гадаадын улс орнууд 4 дэх тун руу хошуураад эхэлчихлээ. Тэгвэл бид ч бас даяаршлын энэ эрин үед хамтдаа алхах ёстой. Гэтэл улсын хэмжээнд III тунд хамрагдах зорилтод хүн амын 49.6 хувь нь буюу 969.000 орчим, IY тунд 37.000 гаруй хүн буюу хамрагдах ёстой хүмүүсийн ердөө 1.2 хувь нь хамрагдсан байх жишээтэй.
Ийм цаг үед “Вакцин хийлгэх нь хүний эрх” гэж мянга хашхираад ч нэмэргүйн жишээг чансаагаараа дэлхийд нэгдүгээрт бичигддэг теннисчин Новак Жокович бэлхнээ харуулсан.
Тэрбээр “Australian Open” тэмцээнд цолоо хамгаалахаар ирсэн ч вакцинд хамрагдаагүй тул хилээр нь нэвтэрч чадалгүй 10 хоногийн турш саатсан бөгөөд түүнийг албадан гаргасан нь Серби, Австрали хоёр улсын харилцаанд ч нөлөөлөх хэмжээнд хүрсэн байна.
Дэлхийн од тэрбээр энэ удаагийн тэмцээнд оролцсон бол Их Дуулгын 21 дэх цомоо хүртэж, түүхэнд бичигдэх боломжтой байсан бөгөөд түүний энэ удаагийн тоглолтыг 150-д эрэмбэлэгдэж байгаа Италийн Салваторе Карузо нөхөж тоглохоор болсон байдаг.
Үүнийг өгүүлэхийн учир нь вакциныг дэлхий даяараа хүлээн зөвшөөрсөн ийм үед муйхарлаж, мугуйдалж, залхуурч, алгуурлаж, хойш тавьж болохгүй гэдгийг сануулж буй хэрэг.
Товчхондоо бол даяаршлын эрин үед та вакцингүйгээр хол алхаж чадахгүй, таны амьдрал давчуу байх болно гэсэн үг.
Тэгээд ч цар тахлын халдварт өртөн эмчлүүлж байгаа хүмүүсийн 90 гаруй хувь нь уушгины хатгаатай хавсарсан байгааг, Дельта хувилбартай харьцуулахад нэн хүнд өвчтөний эзлэх хувь нь харьцангуй бага байгаа ч суурь өвчтэй хүмүүс, ахмад настнууд, хүүхэд багачууд өвчилсөн тохиолдолд хүндрэх магадлал их байгааг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулсаар байна.
Тиймээс вакциндаа хамрагдацгаая. Бид чинь нэг шийдэхээрээ ёстой хашраадаг ард түмэн шүү дээ. Тиймээс 3, 4 дүгээр тунг хашраацгаая.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334