Иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд уриалах зорилготой “Энхийн гүйлт” тавдугаар сарын 14-нөөс долдугаар сарын 7-ны хооронд зохион байгуулагдана.
“Энхийн гүйлт”-ийг Сүхбаатарын талбайгаас эхлүүлж, 21 аймаг, 108 сумын нутаг дэвсгэрээр нийт 7,250 км замыг 54 хоногт туулна. “Энхийн гүйлт” нь хүн төрөлхтний эв нэгдэл, энх амгалан дэлхийг цогцлоох үндсэн зорилгын хүрээнд өрнөнө.
Дүүрэг, аймаг, сумын нутгаар буухиалан гүйгчид “Энхийн гүйлт”-ийн галт бамбарыг орон нутгийнхан хүлээн авах болон үдэн гаргах ёслолд оролцож сургууль, цэцэрлэг болон байгууллагуудаар зочлон “Эв нэгдэл надаас эхтэй” уриан дор нөхөрлөл, найрамдал хамгаас эрхэм чухал гэдгийг таниулан, сурталчлах юм.
Энэхүү 2 сар шахам үргэлжлэх “Энхийн гүйлт”-ийн үндсэн багт 15-18 хүн байх бөгөөд тус багт АНУ, ОХУ, Унгар, Австрали, Нидерланд, Шинэ Зеланд 6 улсын гүйгч оролцох юм. Үндсэн багийн гишүүд нь тухайн орон нутгийнханд галт бамбарыг хүлээлгэн өгөх үүрэг хүлээж байгаа бөгөөд нэг сууринаас нөгөө суурины хооронд 200-240 км орчим байх аж.
Нэг аймагт 3-8 суурин газруудаар буухиалан гүйхээр замын маршрутыг гаргасан байна. Тухайн орон нутгийн гүйгчид нь аймаг орон нутгийнхаа спорт хороонд бүртгүүлээд энхийн төлөөх галт бамбарыг буухиалан гүйх бөгөөд ямар ч насны хүмүүс оролцож болно. Мөн тэд өөрийн боломждоо тааруулан хэдхэн метрээс хэдэн км ч гүйж болох юм байна.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334