УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Нийгмийн даатгалын чөлөөт үлдэгдлийн асуулгын хариуг сонсч байна. Асуулгад Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хариулж байна.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа:
-2019 онд татан буугдсан Капитал банкинд байршиж байсан Нийгмийн даатгалын 104.2 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн даатгалын 136.1 тэрбум төгрөг, нийтдээ 240.1 тэрбум төгрөгийг буцаан төвлөрүүлсэн тайлан, энэ талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх асуулгын тухайд:
Нийгмийн даатгалын тухай хуулийн 11.3-т Сангийн хөрөнгийг Засгийн газрын бонд, Монголбанкны худалдан авах арилжааны банкинд байршуулан нэмэгдүүлэн авахаар заасан боловч Засгийн газраас жил бүр бонд гаргадаггүй, Монголбанкны үнэт цаасны арилжаанд оролцох хууль эрх зүйн зөрчилтэй тул Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Сангийн мөнгийг зөвхөн арилжааны банкинд байршуулж ирсэн. НДЕГ нь Капитал банктай 2007 онд хамтран ажиллах гэрээ байгуулж харилцах дансанд тухайн жилдээ 227.6 сая төгрөг, хадгаламж хэлбэрээр таван тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийг байршуулж эхэлсэн түүхтэй.
Капитал банкинд байршиж байсан Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэл нь 2008 онд 14.8, 2009 онд 17.8 2010 онд 16.2, 2011 онд 24.7, 2012 онд 31.4, 2013 онд 126.4, 2014 онд 209.5 тэрбум төгрөг байсан бөгөөд 2015 онд нийт мөнгөн үлдэгдэл 238.1 тэрбум төгрөгт хүрсэн. Капитал банк нь 2016 оноос зарлагын гүйлгээ хийх, төлбөр төлөх чадваргүй болж банкны тухай хууль болон хамтран ажиллах гэрээг зөрчсөн тул 2016 оны долдугаар сараас Капитал банкинд НДС-ийн мөнгөн хөрөнгийг нэмж байршуулаагүй болно.
Гишүүд асуулгын хариулттай холбогдуулан асуулт асууж, хариултаа авч байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Тал тал тийшээ хараад суувал төр, ард түмнийг хохиролгүй болгож чадахгүй. Банкны эрх хүлээн авагчид хаанаас томилогддог ямар хүмүүс вэ. 36 төрлийн 18 тэрбум төгрөгийг санал болгоод байгаа юм байна. 73.8 тэрбум төгрөгийн хохирлыг яаж барагдуулах юм бэ. Шуурхай ажиллаач.
Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд А.Ариунзаяа:
-Монголбанкнаас тухайн дампуурсан банкны эрхийг хүлээн авч, зээлдэгчдийн хохирлыг барагдуулах дүрэм үйлчилдэг. Капитал банкны өр зээлийг хүлээж авах дараалал бий. Олон зээлдэгч бий. Таны хэлсэнчлэн шуурхай ажиллаж, байгаа хөрөнгүүдийг хурдан шуурхай хүлээж авахаар АТГ, Эрүүгийн цагдаагийн газартай хамтарч ажиллана.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334