УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар, Мэдээлэл технологийн үндэсний парктай хамтран Сонгинохайрхан дүүрэгт 12-р ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “Миний кодын эхлэл” хакатон тэмцээн амжилттай дуусч, шилдгүүдээ шалгарууллаа.
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, инновац, цахим технологийн салбарыг экосистемээр нь хөгжүүлэх, улмаар монгол залуучуудын оюун ухааны экспортоор эдийн засгийн өсөлтийг дэмжихэд онцгой анхаарч ажиллаж байгаа. Энэхүү хакатоныг энэ зорилгын хүрээнд хамтран зохион байгуулсан бөгөөд сурагчдад мэдээллийн технологийн анхан шатны мэдлэг олгосон, үргэлжлүүлэн их, дээд сургуульд суралцахад нь мэргэжлийн чиг баримжааг нь тодорхойлоход тусалсан ач холбогдолтой ажил боллоо.
Нийт 24 сургуулийн 154 сурагчаас бүртгэлийн шатанд 48 сурагчийг шалгаруулж код бичих анхан, дунд шатны сургалтад хамруулсан. Сурагчид сурсан зүйлээрээ вэб хуудас, компьютер тоглоом зохион хоорондоо өрсөлдөж шилдгүүдээ шалгарууллаа. Бие даан программын хэл сурахыг хүсдэг ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байсан бол энэ арга хэмжээнд оролцоод, цаашид үргэлжлүүлэн сурах баримжаагаа олж авсан, маш олон программын гоё санаанууд төрсөн талаараа сурагчид ярьж байна.
Шилдгээр шалгарсан болон хакатонд амжилттай оролцсон нийт сурагчиддаа баяр хүргэж, амжилт хүсье.
“Миний кодын эхлэл” хакатоны шилдгүүд:
1-р байр:
“Amigos” баг Ирээдүй цогцолбор II ахлах сургуулийн сурагч Б.Ган-Очир
“Amigos” баг Хөгжил цогцолбор сургуулийн сурагч М.Тэмүүлэн
“Amigos” баг 62-р сургуулийн сурагч Н.Энх-Амгалан
2-р байр:
“Int main” баг Хөгжил цогцолбор сургуулийн сурагч Б.Баттулга
“Int main” баг Ирээдүй цогцолбор сургуулийн сурагч Э.Тэлмэн
3-р байр:
“Script kiddie” баг 62-р сургуулийн сурагч Ц.Адъяабилэгт
“Script kiddie” баг 121-р сургуулийн сурагч Б.Баттулга
“Script kiddie” Хөгжил цогцолбор сургуулийн сурагч Б.Эрдэнэ-Сувд
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334