БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны охин дахин олны өмнө гарч ирэв. Түүний зураг өнгөрсөн ням гарагт төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн бөгөөд цэргүүдтэй нэгэн арга хэмжээний үеэр аавынхаа хажууд зогсож буйгаар хальсанд буужээ.
Хойд Солонгосын төрийн мэдлийн төв мэдээллийн агентлагийн мэдээлж буйгаар уулзалтын үеэр удирдагч Ким Жон Ун энэ сарын эхээр тив алгасагч баллистик пуужин харвах ажиллагаанд оролцсон цэргүүдэд баяр хүргэсэн гэжээ.
Ким Жон Ун охиноо олон жил нууцалж байсан. Гэсэн ч энэ сарын 18-нд Пхеньян дахь пуужин хөөргөх талбай дээр аавтайгаа хамт зургаа авхуулах үеэр анх олны өмнө гарсан байна. Гэхдээ түүний нэрийг зарлаагүй бөгөөд ажиглагчид охиныг Ким Жу Ае гэдэг хэмээн таамаглаж байна. Учир нь түүний нэрийг анх 2013 онд NBA-гийн зодог тайлсан од Деннис Родман хэлж байсан бөгөөд тэрээр Хойд Солонгост айлчлахдаа удирдагчийн охинтой танилцсан тухайгаа хэлж байжээ.
Ким Жон Уны хувьд 11 жил төрийн эрх барьж байгаа бөгөөд 1948 оноос БНАСАУ-ыг удирдаж буй нууцлагдмал гэр бүлийн 3 дахь үе юм. Өмнөд Солонгосын тагнуулын албаныхан мэдээлснээр Ким Жон Ун өөр хоёр хүүхэдтэй ба хамгийн том хүү нь 2010 онд, гурав дахь хүүхэд нь 2017 онд төрсөн байна.
Уг үйл явдалтай зэрэгцэн дөнгөж 10 орчим настай Ким Жу Ае охин тус улсын дараагийн залгамжлагчаар томилох эсэх маргаан улам гүнзгийрч байгаа юм.
Эх сурвалж: Washington Post
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334