УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар “Ангарскын үйлдвэрт гал гарсан ч Монголд дизель түлш болон АИ-92 бензин тасалдахгүй” гэж мөн ч том дуугарсан.
Гал гарсан ОХУ болон тухайн байгууллагынх нь зүгээс албан ёсны мэдэгдэл хийгээгүй байхад тэрбээр ийнхүү мэдэмхийрч, бодит байдлыг мэдрэхгүй, мэдрэхийг ч хүсэхгүйгээр дуугарчхав. “Хүүхэд ийм дээрээ л хөөрхөн” гэдэг шиг чихрийн наймаа эрхлэгч тэрбээр шатахууны асуудлыг хэр мэдэж байгаа нь л энэ.
Гэхдээ энэ нь салбарынх нь сайд төдийгүй эрх баригчдын буруу. Учир нь сонгуулийн марафон юу юугүй эхлэх гэж буй ийм үед олон түмэнд таалагдахын тулд, тэр тусмаа ард иргэдээс ОНОО авахын тулд импортлогч хэдхээн компаниа газар доогуур ортол нь муулж, сүрдүүлж байна.
Тэгвэл эх орондоо үйлдвэрлэдэггүй аливаа бараа бүтээгдэхүүнийг импортолно гэдэг хэн хүний зориглодог, хийчихдэг ажил биш. Тэр тусмаа шатахуун, түлшийг хэрийн аавын хүү, ээжийн охин импортолчихдог ч юм биш. Хүний болоод өөрийнхний маш их саад тотгор, дарамт бэрхшээлийг давж гэмээнэ сая импортлогч болдог.
Нөгөөтэйгүүр дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ бууна гэдэг ч Монголд долларын ханш өссөн тул дизель түлш, бензиний үнэ бууна гэдэг нь үнэндээ “Мянгуужингийн үлгэр”. Бодит байдал ийм байхад ч импортлогчид зах зээлийн зарчмыг огоорч үнийг харин ч барьсаар байгаа. Ийм байхад импортлогчидоо элдвээр дарамталж “Тусгай зөвшөөрлийг чинь хураана” гэх сүрдүүлгээ улам лавшруулж байгаа нь гутамшиг бөгөөд үүнийг “Төр хувийн хэвшлийн хамтрал” гэж хэлэхгүй.
Тэгээд ч манай импортлогч компаниас шалтгаалаагүй ОХУ-ын дотоод асуудлаас болж импортолж чадахгүй байгаа, дээр нь ам.долларын ханшийн зөрүү ч бас нөлөөлж байгааг эрх баригчид тун сайн мэдэж байгаа. Тэгээд ч төрийн оролцоотой бүх салбар дампуурлаа зарлахад бэлэн болдгийн бас нэгэн жишээг энэ асуудал харуулж буй юм.
Тэгвэл төр өнөөдөр үнийг чөлөөлж, импортлох эрхийг дурын байгууллагад өгч, тусгай зөвшөөрлийг үгүй болгочих хэрэгтэй. Ингэж гэмээнэ шатахууны хомсдол арилж, нийлүүлэлт ч хэвийн болж аргацаасан, амь тариа маягаар олон жил явж ирсэн ужиг асуудлаас ангижрах учиртай.
Товчхондоо бол сүрдүүлгээр буюу албан шаардлагаар үнийг тогтвортой барих нь Монголын эдийн засагт маш их хортойг хаа хаанаа, хэн хүнгүй мэдэж байгаа. Тэгээд ч Хөгжлийн банкны зээлдэгчдийн ихэнх нь ам. долларын зөрүүн дээр өвдөг сөхөрснийг ч мартах учиргүй ээ бөгөөд импортлогчдоор ачааны хүндийг үүрүүлчхээд амыг нь барих бүр ч хэрэггүй ээ, эрх баригчид аа.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334