Аливаа улс орны нийтийн тээвэр нь тухай улс орны хөгжлийг илэрхийлдэг гэдэг. Үнэхээр ч хөгжилтэй соёлтой гадаадын улс орнуудаас үүнийг харж болно.
Тэгвэл Монгол Улсын нийтийн тээвэр дөнгөж л хөгжиж буй орны хэмжээнд байгаа нь ЭМГЭНЭЛ юм. Эмгэнэл гэхийн учир нь хэдхэн хоногийн өмнө бид Их эзэн Чингис хааныхаа мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрөө тэмдэглэн өнгөрүүлж дэлхий ч бидний зүг чихээ дэлдийлгэсэн. Аялал жуулчлалыг бараг л тэр чигт нь татах тухай дээр дооргүй ярьж, мөрөөдөж буй энэ цаг үед нийтийн тээвэр үлгэн салган явж байгаа нь хэний ч нүдэнд хамгийн тод тусах асуудал.
Нөгөөтэйгүүр нийтийн тээвэр бол хөгжил цэцэглэлтийн эхлэл гэдгийг улс орныг удирдан чиглүүлж буй болон салбар байгууллагын нөхдүүд нэн түрүүнд бодолцох учиртай. Хүйтний эрч чангарахтай зэрэгцээд автобус ховордож, ард иргэд даарч, бүтэн 1-2 цаг, чиглэлийн автобусаа хүлээж байгаа нь өнөөдөр нийтийн тээвэр хэрхэн буйг хэлээд өгчхөж буй юм.
Хуучин цагт Автобус бааз-1, Автобус бааз-2, Автобус бааз-3 гэх зэргээр 3 том байгууллагаа байсан бөгөөд нийслэлийнхээ хүн амд төвөггүй үйлчилдэг байв.
Тэгвэл өнөөдөр хувийн хэвшлийн 17 компани, улсын 2 бааз нийслэлчүүдэд үйлчилж байгаа гэх ч ард иргэдийг ийнхүү хүлээлгэж байгаа нь парк шинэчлэлтэй шууд холбоотой.
Товчхондоо бол хэдэн компаниуд нь урд хормойгоо авч хойд хормойгоо нөхөхийн үлгэрээр явж ирсний зэрэгцээ дээрээс нь цар тахал ч бас нэрмэж өнөөдрийг хүртэл парк шинэчлэлийг “Амь тариа” маягаар хийж явсны гор ийнхүү гарч байна.
Товчхондоо бол үе үеийн парламентад тухлаад усны шувууд шиг буцдаг нөхдийн хийж ирсэн балаг. Учир нь тэд нийтийн тээврийн асуудлыг зөвхөн “Нийслэлийн асуудал” гэж харалган байдлаар орхигдуулж ирсэн учраас нийтийн тээвэр элгээрээ хэвтэхэд ойрхон байна.
Гэхдээ парк шинэчлэлт хийж байна гээд бусдын нутаг явж насаа элээж, үүргээ гүйцэтгэчихсэн автобуснууд авахгүй байхыг чухалчлах хэрэгтэйг зориуд тэмдэглэн хэлэх байна. Ийнхүү хэлэхийн учир нь парк шинэчлэл нэрээр улстөрчдийн шахаа их байдаг гэдгийг сануулж буй юм.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334