Төр, засгийн зүгээс нефть импортлогчдод татварын хөнгөлөлт үзүүлж байна, тэд үнээ нэмэх ёсгүй гэдэг шаардлагыг байнга тавьсаар ирсэн. Гэвч шатахууны үнэ ханшийг төр, засгийн шахалтаар импортлогчид тогтоодоггүй гэдгийг бид мэдлээ, үзлээ, харлаа. Эхнээсээ горыг нь амсаж, хөдөө, орон нутгуудад дизель түлшний хомстолд орчихлоо.
Хэдий салбар яамнаас нь түлш, шатахууны нөөц хангалттай бий гэж мэдэгдэж байгаа ч ихэнх ШТС-уудад “ДУУССАН” гэдэг бичиг өлгөөтэй харагддаг болсоор удлаа.
Бидний өнөөдрийн хэрэглэж буй шатахуун, түүхий нефтийн үнэ, үйлдвэрлэгчийн боловсруулалтын зардал, ашиг, валютын ханш, бүх төрлийн татвар, импортлогч, түгээгч компаниудын үйл ажиллагааны зардал зэрэгтэй шууд хамааралтай байдаг.
Атал манай Засгийн газар л гадаад хүчин зүйлсийг үл тооцоолон шатахууны үнийг нэмэгдүүлээд үзээрэй хэмээн импортлогчдоо дарамталсаар ирсэн.
Монголчууд өөрсдөө нефть боловсруулах өдий байна. Тийм байтал стратегийн чухал салбар болох түлш, шатахуунаа нэг улсаас хараат байлгаж, үнээ тогтвортой барь гэвэл ёстой гонжийн жоо.
Импортлогчдын тогтоон барьж дийлэхгүй зүйлсийн тоонд түүхий нефтийн үнэ болон валютын ханш ордог.
Түүхий нефтийн ханшийг л харъя: 2020 оны 5 дугаар сарын үед дэлхийн зах зээл дээрх 1 баррель түүхий нефтийн арилжааны үнэ 17 ам.доллар байсан бол 2022 оны 6 дугаар сард 125 ам.долларт хүрч 7.3 дахин буюу 735%-иар нэмэгдсэн. Мэдээж энэ нь ковид цар тахалтай холбоотой хөл хорио суларч дэлхийн эдийн засгийн эрчимжил, ОХУ болон Украйны дайнаас үүдэлтэй ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүнд тавиад буй хориг арга хэмжээ зэрэгтэй холбоотойгоор газрын тосны үнэ огцом өсч байгааг олон улсын шинжээчид хэлж, дүгнэж байна.
Дэлхийн зах зээл дээрх баррель нефтийн үнэ олон жилийн дунджаар 60-80$ хооронд хэлбэлздэг байна. Монгол Улсын хувьд Сингапур улсын биржийн түүхий нефтийн өмнөх сарын эхний 25 хоногийн арилжааны ханшийн дунджаар дараа сарынхаа 1 баррель нефтийн үнийг тооцоолдог бөгөөд сар бүр нийлүүлэгчээс нийлүүлэлтийн үнийг бодит арилжааны ханшийн дээрх дунджаар тооцоолон шинэчлэн илгээдэг.
Тэгэхээр импортлогчдын хувьд хичнээн хичээгээд ч дэлхийн зах зээлд хөтлөгдөхөөс аргагүй. Харин эргээд эх орондоо дарамтлуулсаар байвал тэд дампуурна. Тиймээс шатахуун импортлогчдыг зах зээлийнх нь зарчмаар явуулж, үнийг нь чөлөөлөх цаг нь болсныг өнөөдөр хүн бүр мэдэрч байна.
Цаашид шатахууны үнийг аажмаар чөлөөлж, зах зээлийн горимд нь шилжүүлэхгүй бол энэ мэт цаг зуурын аргаар хүчээр зохицуулна гэдэг юу л бол.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334