“Сайхан амрах гэсэн биш садар хүүхний явдлыг нөхөр нь дэлгэж олныг бухимдуулж талцуулаад, залуусын жагсаалаас айсан улстөрчид Их тэнгэрийн аманд цагдаа нараар хамгаалуулаад, АИ-92 бензин ховордчиж, бензинтэй колонк нь картаар өгнө ч гэх шиг. Машин бензингүй болохоор ард түмэнтэйгээ автобусанд чихэлдээд л явж байна. Дизель түлш бас тасарсан гээд автобуснууд нь алдаг оног явсан болж томуутай, ковидтой бүгдээрээ чихэлдээд л...” гэж нуруулаг, царайлаг хүүхэн ярих аж.
Гэтэл хэн нэг нь “Ёооё амаа таглаж ханиалгаач ээ. Ядаж наад хүнийхээ нуруу руу ханиалга л даа. Хүний урдаас хараад хахаж цацаад байх юм. Маск зүү лдээ, ядаж...” гэж бухимдана.
Нэг залуу “Гадагшаа л хурдан гармаар байна. Та хурдхан татаадах л даа. Бид 2 хоёулаа явнаа. Очоод нэгнийхээ эхний 3 сарын цалингаар өрөө дарчихна ш дээ...” гэх аж.
Дор бүрнээ л бухимдалтай, их бага зовлонгоо ийнхүү бага боловч гадагшлуулж тайтгарч буй ч биз.
Тэгтэл өглөөгүүр архи үнэртүүлсэн хижээл насны эр хар өглөөгүүр архи уучхаж гэж харах хэрэггүй ээ. Надад ч гэсэн зөндөө зовлон байна. Ер нь та нар их бухимдах гээд байвал “Над шиг ингээд ЗУУ ТАТЧИХ” нэг хэсэгтээ л цээж цэлмэдэг юм гэв.
Тэгснээ “Индонезид гэр бүлээс гадуурх бэлгийн харилцааг хориглох хуулийн төсөл батлах гэж байгаа ш дээ. Гэрлэхээс өмнө хамтран амьдарч бас болохгүй. Гэтэл манайх яаж байгаа билээ. Хамтран амьдрагчтай байхыг бараг хуулиараа зөвшөөрчхөөд байгаа биз дээ...
Тэр хуулийн төсөлд нь гэр бүлээсээ гадуур харилцаа үүсгэсэн хүмүүсийг 2 хүртэлх жилээр шоронд хийнэ. Бас тэр хууль нь жуулчдад ч хамаатай гэж байгаа. Энэ сард хуулийн төслөө хэлэлцэх бөгөөд энэ хууль нь Индонезийн үнэт зүйлтэй адилтгах хэмжээний үнэлэгдэж байгаа гэсэн.
Хүний, айлын парламент ийм байна. Гэтэл манайх яаж байна. Ийм балай, садар самуун юмнууд толгой дээр гараад суучихсан учраас Гэр бүлийн тухай хуулиа ч нэг засчихгүй л байгаа байхгүй юм. Ийм байхаар Монгол Улс яаж хөгжим юм бэ, Лүд гэж” гэсээр бууж одов.
Тэгвэл гөлөмцүү эрийн хэлснээр Индонез шиг болж яагаад болохгүй гэж.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334