“Скай Ресорт” цанын бааз руу чөлөөт цагаа өнгөрүүлэхээр явсан цэл залуухан нэгэн тус байгууллагын аюулгүй ажиллааны дүрэм журмаа зөрчигдсөнөөс болж гулгаж байхдаа унаж тархиндаа хүнд бэртсэн. Хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдаж, гэр бүлийнхнийхээ асаргаанд байгаа түүний эмчилгээнд 617 сая төгрөг хэрэгтэй. Хохирогчийн өмгөөлөгч энэхүү мөнгийг “Скай Ресорт”-оос нэхэмжилж, мэдэгдэл хүргүүлсэн ч өнөөг хүртэл хариу өгөөгүй байна.
2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн шийдвэрт “Шүүгдэгч А.Батсуурь болон иргэний хариуцагч “Скай Ресорт” ХХК-ийн төлөөлөгч Г.Наранболд нараас хохирогчийг гадаадад эмчлүүлэх зардлыг төлөхөө илэрхийлснийг зориуд цохон тэмдэглэвэл зохино” гэжээ.
Угтаа бол “Скай Ресорт” шүүхэд иргэн М.Ганбатын хохирлыг бүрэн барагдуулна гэдгээ илэрхийлж Өршөөлийн хуульд хамрагдсан байдаг.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заажээ. “Скай Ресорт” энэ хуулийн дагуу “нөхөн төлөхөө илэхийлж, шүүхэд амлалт өгсөн тул өршөөгдсөн хэрэг. Гэвч өнөөг хүртэл хохирлоо барагдуулаагүй бөгөөд “Скай Ресорт”-ын хуульч нь “Эмчлүүлж ирээд төлбөрөө нэхэмжлээрэй” гэх утга бүхий зүйл яриад сууж байна.
Хохирогч М.Ганбатын гэр бүлийнхний хувьд 3 жилийн энэ хугацаанд байдгаа барж одоогоор өнөө маргаашаа ч торгоох хэцүү болсон тул өөрсдийн хөрөнгөөр гадаадад эмчлүүлэх ямар ч боломжгүй. Хэдийгээр хандивын аян өрнүүлж эхэлсэн ч цаг хугацаа шаардана. Гэвч хохирогчийн биеийн байдалд хүндэрч, таталт өгч эхэлсэн тул яаралтай эмчлүүлэх шаардлагатай байгаа.
Тэгвэл нэгэнт л хохирлыг барагдуулахаа шүүхэд амласан “Скай Ресорт “нэхэмжилж буй эмчилгээний төлбөрийг яагаад одоо өгч болохгүй гэж.
Хэрэв “Скай Ресорт” Өршөөлийн хуульд хамрагдаагүй байсан бол 14 сая төгрөгөөр торгуулж, нэг жил үйл ажиллагаа явуулах эрхээ хасуулж, хохирлыг албадлагын журмаар бүрэн барагдуулах ёстой байсан атлаа өнөөдөр өөрсдийгөө өмгөөлсөн шигээ сууж байна.
“Скай Ресорт”-ынхонд хүн чанар гэж байна уу. Мөнгөгүйдэх зовлонгүй том компани яагаад нэгэн залуугийн аз жаргал ирээдүй, эрүүл мэндийг ийнхүү дэвсэлнэ вэ.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334