Одоогоос бараг 10 гаруй жилийн өмнө “Төрийн ордон яг газар хөдлөлтийн төв дээр байгаа. Тиймээс нүүлгэсэн нь дээр” гэх яриа гарч зарим гишүүд сандарч юу юугүй ордныг нүүлгэе. Их тэнгэр орчим л боломжийн газар хэмээж олны инээд хүргэж байсан ч хэсэг зуур тийнхүү хөөрөлдөөд таг мартсан.
Тэгвэл нийслэл орчмын бүс нутагт газар хөдлөлтийн идэвхжил өмнөх жилүүдээс харьцангуй өндөр байгааг мэргэжлийн байгууллагууд онцлоод байгаа. Энэ тухай 3 дугаар сарын 21-нд болох “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөний үеэр нухацтай ярилцана, тэндээс үр дүн гарна гэсэн хүлээлт ч бий.
Газар хөдлөлтийн төлөв байдлаас үзвэл 2005 оноос эхлэн нийслэл болон ойр орчмын бүсэд үүссэн газар хөдлөлтийн тоо эрс нэмэгдсэн байдаг бөгөөд хот орчмыг тойрсон, идэвхтэй 6 хагарал байгааг тогтоосон ч өөр идэвхтэй хагарал бас байгааг Японы эрдэмтэд 3 жил судалж байж сая тогтоосон гэдэг.
Тэгвэл идэвхтэй хагарал гэдэг нь хэдэн мянган жилийн өмнө болж байсан хүчтэй газар хөдлөлтийн ул мөр, сорви бөгөөд тэдгээрийг судалсаны үр дүнд Улаанбаатар хотоос баруун тийш 50 км зайд хагарал байгааг тогтоосон аж. Тэрхүү хагарал дээр 7.5 буюу түүнээс дээш магнитудын газар хөдлөлт болох магадлал бий бөгөөд хэрэв газар хөдөлж гэмээнэ нийслэлийн нийт барилгын 20-30 хувь нь нурах эрсдэлтэй гэдгийг мэргэжлийн байгууллагууд ч нуухгүй байгаа юм.
Юутай ч энэ сарын 21-нд болох “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнөөр үнэн бодит олон мэдээлэл гарна гэсэн хүлээлт байна. Товчхондоо бол газар хөдлөлтийн тухай мэдээллийг ард иргэдээсээ нуухгүй байх нь зөв бөгөөд дараагийн Сири, Турк болчихгүй байгаасай гэж булт олон хүсч буй. Тэгэхээр нурах эрсдэлтэй барилгуудыг нурахыг нь хүлээгээд суух хэрэг үү.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334