БНТУ-д болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа дэлхийн маш олон улс орнууд тус улсад хандив, эрэн хайх аврах багаа илгээж туслалцаа үзүүлсэн.
Энэ талаар Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Түрэг хэлтэй улс орнуудын хамтын ажиллагааны Зөвлөлийн Анкара хотод болсон уулзалтын үеэр талархлаа илэрхийлжээ. Тэрбээр “Бид дэлхийн улс орнуудаас тусламж, дэмжлэг хүссэн. Тэд хүнд хэцүү цаг үед Туркийн ард түмэнг орхиогүй. Бид хэзээ ч тэдний сайн үйлсийг мартахгүй” гэж хэлсэн байна.
БНТУ-д болсон аймшигт газар хөдлөлтөд 13.5 сая хүн өртсөн гэх мэдээлэл бий.
Мөн Зөвлөлийн орнууд гамшгийн эсрэг олон талт хамтын ажиллагаа, зохицуулалтын механизмыг боловсруулж, бүс нутагт тулгарч буй бусад асуудлуудын талаар санал солилцсон байна.
Түүнчлэн үеэр БНТУ-ын ерөнхийлөгч “Зөвлөлийн орнууд эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, бүс нутгийн тээвэр, нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэхэд "стратегийн чухал үүрэг гүйцэтгэнэ" гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Түрэг хэлтэй улсуудын хамтын ажиллагааны Зөвлөл нь 2009 онд байгуулагдсан, засгийн газар хоорондын түвшинд үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага бөгөөд гишүүд нь Турк, Казахстан, Киргиз, Азербайжан, Узбекистан, харин Унгар ажиглагчийн статустай ажилладаг байна.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334