Боомтуудад болохгүй, бүтэхгүй бүхэн нүүрлэж байсны тод илрэл нь өдгөө олны анхаарлыг татаад буй НҮҮРСНИЙ ХЭРЭГ.
Энэ мэтчилэн том хулгайг үгүй хийж, хөгжлийн гарааг шинээр эхлүүлэхийн тулд Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогын нэг чиглэлээ БООМТЫН сэргэлт гэж тодорхойлсон. Тэр ч утгаараа Засгийн газар Боомт хариуцсан сайдтай болсон. Тэр нь УИХ-ын гишүүн Х.Булгантуяа. Түүнийг өнгөрөгч нэгдүгээр сард томилсон.
Үнэндээ боомтын бүх үйл ажиллагааг цахимжуулж, хяналтыг чангатгаснаар хариуцсан сайдтай ч, сайдгүй ч хөгжихөөр байгааг өнгөрсөн хугацаанд тодхон харуулсан үйлдлүүд болж байна.
Тодруулбал хоёрдугаар сард л гэхэд ГЕГ-ын Цахим удирдлагын төвийн үйл ажиллагааг албан ёсоор нээсэн. Ингэснээр гаалийн 18 газар хороо, 29 боомт, 115 гаалийн хяналтын бүсийн камерын хяналтын системийг нэг дороос удирдлагаар хангах, хянах боломж бүрдсэн.
Мөн тухайн боомт байршиж буй аймгуудын удирдлагууд ч өөрсдийн санаачилгаар хамтын ажиллагаагаа эхлүүлэх боломж нээлтэй байгааг харж болно.
Жишээлбэл Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа хил залгаа БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн удирдлагуудтай хамтран ажиллаж, боомтынхоо үйл ажиллагаа, цаашлаад улс, аймаг, иргэдийнхээ эдийн засагт хувь нэмэр болохуйц шийдвэрүүдийг гаргачихлаа.
Тодруулбал Засаг дарга Э.Болормаа ШУӨЗО-ны Алтай аймагт айлчилж, ажиллахдаа Булган-Такашикэн боомтоор нэг иргэн өдөрт 8000 юань (4.094.000₮) хүртэлх бараагаа татваргүй гаргаж, чөлөөт бүсэд борлуулах боломжийг нээсэн байна.
Мөн Боомтын сэргэлтийн хүрээнд тус боомтын нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлж өргөтгөх, мал аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, 72 цагийн визгүй аялал жуулчлалыг хэрэгжүүлж, хамтран ажиллах, Алтай уулыг тойрсон бүс нутгийг хамарсан эдийн засаг, худалдааны салбарт хамтран ажиллах, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хил гаалийн чөлөөт бүс байгуулах, өвлийн аялал жуулчлал болон соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх, өвлийн спортын уралдаан, тэмцээн зохион байгуулах зэрэг ажлуудыг хийхээр тохиролцсон.
Товчхондоо бол нийслэлд суугаа Боомт хариуцсан сайдаас илүү орон нутгийн удирдлагуудын түвшинд Боомтын сэргэлт илүү хурдтай явагдах нь гэдгийг баталчихлаа.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334