Буруутай этгээдийн улмаас цэл залуугаараа 3 нялх үрээ орхиод тэнгэрийн орныг зорьсон бүсгүй бусдад амьдрал бэлэглээд одож. Буянтай, бурхантай дүйхүйц хэмжээний том үйл хийгээд тэр бүсгүй буцсанч араас нь мэдэхүй байж их мэдэгчийн дүрээр элдвийг л хэллээ, хүмүүс...
Ярих, хэлэхээс халшрам энэ асуудал ингээд намжаасай билээ. Учир нь бид мэдлэггүй, мэдэхгүй байж амныхаа зоргоор чалчих хэрэггүй юм. Тэр тусмаа уй гашууд автаад байгаа хүмүүсийн сэтгэлийн шархыг хөндөн хөндөн, сэдрээн сэдрээн элдвийг хүүрнэх хэрэггүй. Тэгээд ч бид цусны донороос өөр донор Монгол Улсад бараг л байхгүй гэж боддог нь ч нууц биш.
Донорын тухай хууль анх 2000 онд батлагдсан бөгөөд 2012, 2018, 2022 онд шинэчлэгдсэн байдаг. Мэдээж тухайн онуудад шинэчлэгдэж байгаа нь хууль сайжирч, чангарч буй хэрэг.
Товчхондоо бол 2018 оны шинэчлэлтээр Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 6 хүний бүрэлдэхүүнтэй алба байгуулсан байдаг. Энэ алба нь эс, эд, эрхтэн шилжүүлэх, хянах үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохицуулах үүрэгтэй гэж байгаа.
Гэтэл энэ тухай ард иргэд битгий хэл эмч, эмнэлгийн ажилчид ч мэдлэггүй шахам байдаг нь өдгөө нууц биш. Өнөөдөр амьд хүнээс л эрхтэн шилжүүлж авч болдог гэсэн ойлголттой байгаа нь хуулийн сурталчилгаа муу, хэрэгжилт тааруухан байгаагийн баталгаа гэхэд нэг их хэтийдсэн болохгүй биз.
Тэгвэл Донорын тухай хуульд эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг амьд болон амьгүй донороос авч хийдэг байна.
Амьд донор гэдэг нь өөрийн эс, эд, эрхтний хэсгийг сайн дураар өгч байгаа хүн нь тухайн эмчлүүлэгчийн гэр бүлийн гишүүн байх ёстой аж. Харин амьгүй донор нь тархины үхэлд хүрсний дараа гэр бүлээс нь зөвшөөрөл авч эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа явуулахыг хэлдэг байна.
Гэхдээ донорын зүрх зогссоноос 5 минутын дараа бусад эрхтний үйл ажиллагаа бүрэн алдагддаг ямар ч эд, эрхтнийг авах боломжгүй болдог гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж буй юм.
Монгол Улсад элэг, бөөр, ясны чөмөг, үүдэл эс шилужүлэн суулгах мэс ажилбарыг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт, Хавдар судлалын үндэсний төвд эмэг шилжүүлэн суулгах, шөрмөс, яс, арьс шилжүүлэн суулгах эмчилгээг Гэмтэл согог судлалын үндэсний төвд тус тус хийдэг байна.
Донортой холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 2660 орчим тархины үхжилтэй боломжит донор оос 64 нь л бүх шалгуурыг хангасан байсан бөгөөд тэдгээрийн ар гэрийн 50 хувь нь л донор болохыг зөвшөөрчээ.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334