Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XIV форум өнөөдөр буюу 9 дүгээр сарын 18-нд боллоо.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотноо болсон энэхүү форумд Монголын 40 гаруй, Хятадын 70 орчим хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч оролцсон бөгөөд хоёр талын хамтын ажиллагаанд оруулж буй хувь нэмэр, тулгамдаж буй асуудлын талаар 20 орчим илтгэлийг хэлэлцүүлжээ.
Энэхүү 14дэх удаагийн форумд ГХ-ны сайд Б.Батцэцэг цахимаар оролцож мэндчилгээ дэвшүүлсэн бол БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба илгээлт ирүүлсэн аж.
Мөн энэ үеэр МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар “Ковидын үед буюу 2020, 2021, 2022 онд цахимаар болж байсан эл уулзалт ийнхүү өнөөдөр болж бид нүүр нүүрээ хараад ярилцаж байна. Бидэнд иргэдэд зөвийг тунгаахж бурууг ойлгох, асуудлыг мэдрэх боломж олгох давуу тал бий. Бид холыг ойртуулж, хоёрыг учруулах хүчтэй бөгөөд 2 улсын иргэдийн хооронд мэдээллийн гүүр болох чадалтай. Улс орон, нийгэм хөгжихийн хэрээр иргэдийн мэдээлэл авах хүсэл, тэмүүлэл ч өсч байгаа тул хүчээ зөв цагт, зөв хуваарилж, зөв шийдэл олох нь чухал. Энэ удаагийн форум шинэ санал санаачилга дэвшүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээжээ.
Мөн тэрбээр өнгөрсөн жил бид “Байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл”-ийн талаар ярилцаж байсан бол одоо “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүч”, “Орчин үеийн шинэчлэл, хамтын хөгжил” сэдвийн хүрээнд ярилцана” гэсэн юм.
Форумын төгсгөлд МСНЭ, Бүх Хятадын сэтгүүлчдийн холбоо хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулжээ.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334